Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хятад мотоцикл осол гэмтэл, гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж буй нь

2015-10-25

Ц.Номин Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга

Хятад мотоцикл ба гэмт хэрэг

Судалгааны зорилго: Хятад мотоциклоос шалтгаалан гарч байгаа осол гэмтэл, хэрэг зөрчил, гэмт  үйлдлийн хор уршгийг тодорхойлоход оршино.                      

Зорилт

v  Сумынхаа мотоциклийн судалгааны нэгдсэн сантай болох

v  Осол гэмтэл, хэрэг зөрчлийн шалтгааныг  тодорхойлох

v  Мотоцикл хэрэглэгчдийн татвар төлөлт, улсын үзлэгт хамрагдсан байдлыг тогтоох

v  Худалдан авагчдын эдийн засгийн чадамжийг судлах

Судалгааны ажлын үндэслэл:

Гэмт хэргийн талаарх  мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг үндэслэл болсон.

Судалгааны ажлын шинэлэг тал:

Хөвсгөл аймгийн ГХУСАЗЗ-өөс анх удаа эрдэм шинжилгээний хурлыг зарласан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрхэлдэг зөвлөлийн гишүүд бидний хувьд асуудлыг гүнзгийрүүлэн судлах, бодит байдалд шинжилгээ хийх нөхцлийг бүрдүүлсэн.

Хураангуй:  Гэмт хэргийн талаарх  мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх[1] гэсэн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын үндсэн чиглэлүүдийг барьж, өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” буудаг шүү гэсэн Монгол ухааныг сануулах гэсэндээ энэхүү сэдвээр ярихаас аргагүй болжээ гэж судлаач хүнийхээ хувьд үзэж байна.

Хөвсгөл аймгийн ГХУСАЗЗ-өөс анх удаа эрдэм шинжилгээний хурлыг зарласан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрхэлдэг зөвлөлийн гишүүд бидний хувьд асуудлыг гүнзгийрүүлэн судлах, бодит байдалд шинжилгээ хийх нөхцлийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэдгийг онцлон тэмдэглэе.

Гэмт хэрэг нь санаатай болоод санаандгүйгээр үйлдэгддэгээс санамсаргүйгээс болж үүсэх нь илт давамгай байдаг. Монгол улсын хувьд үндэстнийхээ хувьд ч уу? газар зүйн байршлынхаа хувьд ч уу? хятад мотоциклийн осол гэмтлээс үүдсэн гэмт хэргийн гаралт анхаарал татаж байна.

Энэ тухай ярих үндэслэлийг судалгаанаас харахад:


 Гэмт хэргийн зүйл, анги

 2014

 Нийт

 Эмэгтэй

   

   

   

 Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

 0

 0

 Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

 506

 122

 Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг

 0

 0

 Иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг

 32

 3

 Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

 8

 5

 Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

 2

 0

 Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

 21

 1

 Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг

 2

 0

 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

 503

 139

 Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

 0

 0

 Албан тушаалын гэмт хэрэг

 2

 0

 Улсын дүн

 1,078

 270

 

Нийт гэмт хэргийн 46.6% нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байна. Энэ дундаас хятад мотоцикл гэсэн сэдвийг онцгойлон сонгож байна.

Хятад мотоцикл хичнээн хүний аминд хүрэх бол? Хятад мотоциклийн импортыг хориглох албан бичиг хүргүүлжээ, Хужаа мотоцикл дахин нэг хүний амь авч одлоо, Хятад мотоциклоос болж нэг шөнийн дотор 5 хүн амь эрсджээ, Саяын үнэтэй мотоцикл сар бүр хүний аминд хүрч байна, Хужаа мотоцикл хөдөөд аюул дагуулсаар ... гэсэн нэрнээсээ эхлээд л хүн эмзэглүүлэм нийтлэл мэдээнүүдийг өнөөдөр сонин, сайтаар хаа сайгүй байна.

Өнөөдөр өрх бүхэн мотоциклтой гэхэд хилсдэхгүй хэмжээнд хүрлээ. 895 өрхтэй манай сумын хувьд  татварын албанд бүртгэлтэй 127, үзлэгт орсон мотоцикл 23 байна. Энэ бодит амьдрал дээр байгаа мотоциклийн тооноос дэндүү зөрүүтэй байна. Зөрүүтэй гэдгийг нотлох нь:

Энэхүү судалгааг хөдлөшгүй баримт нотолгоо биш бодит байдалтай зөрчилдөж байна. Баримтаас үзэхэд:

Баримт 1. 10 сарын 03-08-ны өдрүүдэд 148 өрхийн 252 иргэнтэй ярилцлага өрнүүлэхэд 102 өрх 1 мотоциклтой, 12 өрх 2 мотоциклтой ердөө 34 өрх нь мотоциклгүй гэсэн байна. Үүнээс А эрхийн үнэмлэхтэй иргэн 17 байлаа.

Баримт 2. Суманд үйл ажиллагаа явуулдаг 2 арилжааны банкнаас авсан судалгаагаар сүүлийн 3 жилд  ХААН банкнаас нийт 137 иргэн, Төрийн банкнаас нийт 20 иргэн мотоциклийн лизингийн зээлийг 12-24 сараар авсан байна[2]. Дээрх 3 онд 231.9 сая төгрөгийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл худалдан авахад иргэд зарцуулсан нь нийгэм, эдийн засгийн асуудлыг судалдаг мэргэжилтнүүдийн хувьд бас нэг анхаарууштай л тоо.

 

 

 

Баримт 3. 1-р баг 63 мотоцикл

2-р баг 57 мотоцикл

3-р баг 56 мотоцикл

4-р баг 93 мотоцикл

5-р баг 72 мотоцикл нийт 341 мотоцикл байгаа гэсэн байна.[3] Нийт өрхийн 38.1% нь мотоциклтой.  Гэтэл ажиглалтын явцад 70-80% нь мотоциклтой хонь малаа мотоциклоор хариулдаг уламжлал тогтоод байгаа.

Баримт 4. Сумын ЭМТ-ийн дүн бүртгэгч бага эмчийн мэдээнээс харахад 2013 онд 55 өвчлөл бүртгэгдсэнээс 19 нь буюу 34.5% нь осол гэмтлийнх. 2014 онд  42 өвчлөлийн 13 нь буюу 30.9% нь осол гэмтлийнх 2015 он гарсаар 53 өвчлөл бүртгэгдсэний 5 нь буюу 0.9% нь осол гэмтэл байснаас мотоциклийн осол гэмтэл 9 байна. Хөл, гар хугарах, тархины хүнд хөнгөн гэмтэл учирсан байна[4].

Нэгдсэн судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэлтгүй хараа хяналтаас гадуурх олон мотоцикл байгаатай холбоотойгоор гэмт хэрэг, осол гэмтэл гарах нөхцөл болж байна. 2015 он гарсаар цагдаагийн хэсэгт 60 зөрчил, 2 осол гэмтэл, 1 мотоцикл  алдагдсан гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Монгол хүний хэнэггүй зантай холбоотойгоор толь, аккумлятор, дохионы гэрэл алдагдахыг мэдэгдэх, тэмдэглүүлэхгүйгээр өнгөрөөдгийг бас тооцох нь зүйтэй.

Монгол улсад хэрэглэгдэж буй мотоциклийн 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн[5] гэх судалгааг дээр дурдсан эх сурвалжууд бүгд дурьдсан байна.

Асуудал юунд байна вэ?

-Хил гаалиар ямарч саадгүйгээр нэвтэрч байна

-Чанарын баталгаа хангагдаагүй байна

-Замын зориулалт нөхцөл таарахгүй байна

-Иргэдийн болгоомжлол, өөрийгөө хамгаалах дадал суугаагүй

-хууль дүрэм, журамыг мөрдөх заншил хэвшил болоогүй

-Иргэдийн эрүүл мэнд хохирч байна.

Бидний өдөр тутмын амьдрал байгаа хамгийн сайн мэдэх асуудал учир онцлон гуравхан жишээ дурдая.

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн донсолгоо чичиргээ нь бэлгийн сулралыг бий болгож, үргүйдэл үүсэх гол шалтгаан болдог талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч, гавьяат эмч Д.Нямсүрэн ярихдаа “Надад үзүүлж буй мотоцикл унадаг арван хүний гурав нь түрүү булчирхай, бөөрний үрэвсэлтэй байна.”[6]

Арав гаруй жилийн өмнөөс манайхан морины оронд мотоциклоор хөл дүүжлэх болж, иргэдийн амьжиргаа дээшилж байгаа ч осол зөрчил нэмэх нэг шалтгаан болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 4 мянга орчим мотоцикль бүртгэгдсэний дийлэнх нь хятад. Ингээд бодохоор хичнээн хүн аюулгүйн баталгаа байхгүй мотоциклоор хурд хэтрүүлэн давхиж, азаа сорьж байгаа нь харагдаж байна.[7] гэж Дорнод аймгийн мэдээллийн сайтад бичжээ.

Гаалийн Ерөнхий газраас гаргасан судалгаагаар манай улсад өнгөрөгч онд 18 оронд үйлдвэрлэсэн мотоцикль импортоор орж иржээ.

Үүний ихэнх хэсэг буюу 97.1 хувийг БНХАУ-аас орж ирсэн мотоцикль эзэлсэн байна. Мөн онд мотоциклийн 330 осол гарч 112 хүн амиа алдаж, 191 хүн гэмтэж бэртжээ. Энэ  бүгд хятад мотоцикль ашигласантай холбоотой бөгөөд мотоциклийг зориулалтын бус зам буюу хад асга, бартаа ихтэй газар унах, хурд, хүчийг тааруулж ашиглаагүйгээс осол аваар гардаг байна.[8]

Энэ бүхнээс харахад цөөхөн хүн амтай бидний хэдэн Монголчуудын хувьд аюулын харанга дэлдэж байгаа зүйлийг анзаараагүй юм шиг чимээгүй байсаар байх уу? мэдээж хэрэг байж боломгүй хэрэг гэдэг нь дээрх олон баримтаас харагдаж байна.

Хятад мотоциклоос болж үүсч буй сөрөг үр дагаварууд:

Макро түвшинд:

·   Иргэний эд хөрөнгө амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирч ухамсарт хүний оюуны чадавхийг хадгалагч тархины гэмтэл ихээр бүртгэгдэх боллоо. /Стандартчиллын зорилго нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүх төрлийн нөөцийг зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүний харилцан орлолт, сорилт, хэмжилтийн нэгдмэл байдлыг хангахад оршино.[9]/ хуулийн зөрчил их байна.

·   Сумын татварын алба, цагдаагийн хэсэгт бүртгэлгүйгээс болж хулгайд алдагдсан мотоциклийг эрэн сурвалжлах хайхад хүндрэл гардаг.  Үүнийг дагаад илэрдэггүй хэргийн статистик өсөх, гэмт хэргийн сэдэл өсөх хандлагыг нэмэгдүүлж байна.

·   Ганцхан сарын баталгаат хугацаа олгогддог мотоциклийн эвдрэл гэмтэл их тохиолдож, санаатайгаар жижиг эд ангиудыг бусдынхаас нөхөж тавих ахуйн хулгай ихээр гардаг. Монгол Улсад үйлдвэрлэх, угсрах тээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, нэмэлт төхөөрөмж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах стандартын шаардлагыг хангасан байна[10].

·   Айл бүрийн гадна морь шиг хэрэглэгддэг болсон өнөөдрийн нөхцөлд насанд хүрээгүй хүүхдүүдээс мотоцикл жолоодогчийн тоо нэмэгдэж, улмаар гэмтэх, замын хөдөлгөөнд оролцож хууль зөрчих үндэслэл нэмэгдсэн. /Эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагад тэнцэх, мэргэжлийн зохих бэлтгэл, сургалт хийсэн, 18 нас хүрсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч болно[11]/ гэсэн хуулийн заалт зөрчигдөж байна.

·   Мотоцикл жолоодох нь хялбар энгийн зүйл гэж иргэд үзэж, эрэгтэй, эмэгтэй хэн боловч хаа дуртай газартаа унаж ашигладаг ч “А” эрхийн үнэмлэхтэй байх ёстой хуулийн заалтыг зөрчиж байна.

Өрх, гэр бүлийн түвшинд:

·   Хүнээс дутуу харагдахгүй гэсэн сэтгэлгээ хандлагаараа урт богино хугацаагаар өрөнд орох

·   Эд хөрөнгийн эвдрэл гэмтлээс, эд хөрөнгөө булаацалдах зэрэг гэр бүлийн маргаан үүсэх /16.3.1. өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах/[12] үндэслэлээр үр хүүхдээ бага балчир наснаас нь мотоцикл авч өгөх байдал байна. Нэгэнт эцэг эхийн авч өгсөн эд зүйлийг унах, эдлэх хүсэл хүүхдэд төрөх нь ойлгомжтой. Харамсалтай нь эрсдэлд өртөх үндэс болох нөхцөл болж байна.

·   Бензин шатахуун сэлбэг авах лизингийн эргэн төлөлт зэрэгт өрхийн хэрэглээнээс хэтэрсэн зарлагын өсөлт үүсэх

·   Гэмт хэрэгт холбогдох, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амсах зэрэг сөрөг үр дагаврууд элбэг тохиолдож байна.

Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хайрлан хамгаалахад төр засгаас хятад мотоциклийн асуудалд онцгойлон анхаарах цаг болжээ гэж дүгнэж байна. Учир нь:

·   Монгол хүний монгол ахуй уламжлал, соёлд мал маллах ухаан маш том байр суурийг эзэлдэг. Гэтэл өнөөдөр даяаршлын дан ганц сөрөг талыг нутагшуулаад эцэг өвгөдийн ариун сайхан заншлыг гээгдүүлж байна.

·   Төр захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоо муугаас албан тушаалтан бүрээс өөр өөр тоо судалгаанууд гарч ирж байна. Чиглэсэн судалгаа, шинжилгээ хийх асуудал байгууллага, албан тушаалтны хүрээнд хийгдээгүй, хийгдэх талаар яригдаж, төлөвлөгдөөгүй байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасан иргэн, ААН, байгууллагын үүрэг хэрэгжихгүй байна.

·   Хараа хяналтгүй олон тээврийн хэрэгслийг хэн дуртай нь унаж хэрэглэж гэмтээд бусад хүний амь нас хохироогүй, эрүүл мэнд нь бэртээгүй л бол болно гэсэн хандлагаар иргэдийн эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирох асуудал газар авч өөрөө өөртөө гэмт хэрэгтэн болж байна.

·   Бүртгэл судалгаагүйгээс татвар хураамжаа төлөхгүй, бүртгэлд хамрагдахгүй байгаа нь МУ-ын Үндсэн хуулинд заасан иргэний үндсэн үүргийн хэрэгжилт зөрчигдөж байна.

·   Нийтийн олонхийн жишигт амьдрах хүслээр өр зээлээр чанаргүй, эдэлгээ даахгүй эд хөрөнгө болох мотоциклийг худалдан авснаар нийгмийн, сэтгэл зүйн олон сөрөг үр дагаваруудыг үүсгэж байна.

·   Чанарын баталгаагүй эд зүйл хил гаалиар чөлөөтэй нэвтэрч байгаа, иргэний эрүүл мэнд амь насанд хохирол учруулж байгаа нь үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах шаардлагатай /мотоциклийн осол гэмтэлд өртөгсдийн насны эзлэх жин 18-35 байдаг нь цэл залуу насны, хөдөлмөрийн чадвар өндөртэй, нөхөн үржихүйн идэвхтэй хүн ам/ гэж үзэж байна.

 Асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх, шийдвэр гаргах эрх бүхий түвшинд дараах саналыг гаргаж байна.

Эрх зүйн орчныг сайжруулах:

1.                Мотоциклийн чанарын стандарт бий болгох

2.                Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд мотоциклийн хурдны дээд хэмжээг 70мл-ээс багаар тогтоох заалт оруулах /цилиндрийн хүчин чадал бага атал өнөөдөр бусад өндөр хүчин чадалтай техникийн хэрэгсэлтэй адил хурдтай байхаар зохицуулагдсан хууль үйлчилж байна./

3.                Хил гаалиар оруулахад баримтлах журмыг хэрэгжүүлэх

4.                Осол гэмтэл гарахад нөлөөлж буй дискэн обуд, техникийн үзүүлэлт зэрэгт мэргэжлийн судалгаа хийх ажлыг зохион байгуулах

5.                Өөрөө өөрийнхөө биед гэмтэл учруулах нь гэмт хэрэг болох талаар эрүүгийн хуульд зүйчлэх

ГХУСАЗСЗ-ийн ажлын түвшинд

1.    Нарийвчилсан судалгаануудыг жил дараалан төлөвлөж, нэгдсэн судалгааны сантай болох

2.    Онол практикийн бага хурал, эрдэм шинжилгээний хурлын сэдвийг энэ чиглэлээр хэрэгжүүлж олон талт саналыг хэлэлцэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх

3.    Хуулиар зохицуулагдаагүй асуудлыг ёс зүй, уламжлалаар шийдэж ирсэн Монгол сурган хүмүүжүүлэх зүйг тасралтгүйгээр хөгжүүлэх

Иргэдэд ухамсарлуулах түвшинд

1.              Санамж, тараах хуудсыг сонирхолтой, уншихуйцаар боловсруулж тараах

2.              Уламжлал ёс заншлыг сэргээх хөтөлбөрт хамтран оролцуулах

3.              Амь нас, эрүүл мэндээ хамгаалах үүргийг ухамсарлуулах

4.              Мотоциклийг хамгаалалтын хэрэгсэлтэйгээр унаж, замын хөдөлгөөнд оролцох

5.              Насанд хүрээгүй иргэдээс мотоцикл жолоодохгүй байх

6.              Эдийн засгийн боловсролыг төлөвшүүлэх  гэсэн саналуудаар энэхүү илтгэлээ хэлэлцүүлэхээр бэлтгэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ном зүй

1.                Монгол Улсын Үндсэн хууль. Улаанбаатар. 1992

2.                Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль. Улаанбаатар. 1997.

3.                Иргэний тухай  хууль

4.                Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Улаанбаатар. 1996.

5.                Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай хууль. Улаанбаатар. 2003.

Цахим эх сурвалж

1.                www.mass.mn/n/4437

2.                www.zone.mn

3.                www.Dornod.mn

4.                www.wikikon.mn

5.                www.24.tsag.mn

                       



[1] Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль. УБ., 1997.

[2] Чандмань-Өндөр суман дахь ХААН банк, Төрийн банкны салбар

[3] Багийн ИНХ-ын дарга нарын судалгааны сан

[4] Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум. ЭМТ. 2015.

[8] Мөн тэнд

[9] Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай хууль. УБ., 2003.

[10] Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. УБ., 1996.

[11] Мөн хууль.

[12] Иргэний тухай хууль. УБ., 2002.

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0