Жил бүрийн 06 сарын 01-нд "Эх үрсийн баяр" тэмдэглэдэг уламжлалаар Жаргалан хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн хамт олон хүүхдүүдийнхээ амжилт, бүтээл, авъяас чадварын тайлан тоглолтыг толилууллаа. Бүх хүүхдүүд нийтээрээ флашмоб бүжиг, биелгээ, шүлэг уншиж танилцууллаа.
Чандмань Үсэг ХХК-иас ЕБС-ийн бүх анги хамт олны дунд зохион байгуулсан "Алтан хонх" тэмцээний шагнал болох өргөмжлөл, медалиудыг гардууллаа.
Мөн баяр болсон талбайд 2 настай хүүхдүүд дуугаа дуулж шүлгээ уншиж, бүжиглэж, сургуулийн нийт хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, химийн элемэнтийг нүдлүүлэн таниулж, хими, биологи, зураг, дүрслэх урлагийн хичээлүүдийн үзэсгэлэн байршсан үзэж сонирхууштай зүйл болжээ.
Хүүхдийн баярын эргэн тойронд зохион байгуулагдсан ажлуудаас ЕБС-ийн хамт олон багш, ажиллагсдынхаа хүүхдүүдэд зориулан буухиа, дугуй, гар бөмбөг, зургийн уралдаануудыг зохион байгуулж, үдийн хоолоор дайлан бэлэг гардуулсан нь шинэлэг сайхан санаачлага байлаа. Үүнээс жишээ аван бусад төсөвт байгууллага, ААН-үүд ажиллагсдынхаа нийгмийн асуудал сэтгэл санааг өргөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ийм ажлыг санаачлан хиймээр юм гэсэн сэтгэгдэлтэй эцэг эх нэгбус байлаа.
Энэхүү арга хэмжээг ЕБС-ийн багш Х.Дэндэв, Х.Болд-Эрдэнэ, Ч.Батзаяа, Л.Энхжаргал нар зохион байгуулан оролцсон бөгөөд арын албанд хоолоор үйлчлэх, буухиа тэмцээний байрыг цэвэр тохитой байлгах зэрэгт хамт олноороо оролцож маш сайн зохион байгуулж байлаа. Нийт 80-аад хүүхэд баяр хөөртэйгээр өнжихөд эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ дагаж, хамтдаа хөгжиж өнжлөө.