Өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 29-ны өдөр Хайрхан толгой багийн нутаг дахь Аригийн доод хүрээний туурин дээр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө"-г босгох ажлыг гүйцэтгэлээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 130 гаруй иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг ахмад настан Г.Даваасүрэн санаачлан хөөцөлдөж буйг өмнө бид мэдээлж байсан билээ. Энэхүү ажлыг Хайрхан толгой багийн 10 жилийн ойд зориулсан 10 бүтээлч ажлыг нэг болгон хэрэгжүүлэхээр багийн Засаг дарга Ц.Гансүх санал оруулж дэмжигдэн өнөөдөр багийн иргэдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ. Хөшөө босгох ажилд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Хайрхан толгой багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнх, Засаг дарга Ц.Гансүх, сумын ИТХ-ын дарга, Хайрхан толгой багийн Засаг даргаар ажиллаж асан С.Ишдорж, ахмад настан Г.Даваасүрэн, Ч.Ням-Очир, Цэрэндорж, Норовсүрэн, Бат-Эрдэнэ, Бадам, Ш.Мандах, шашны зүтгэлтэн хувраг Я.Дашзэгвэ, Дагваренчин нар иргэдээс Г.Ганхуяг, Б.Ганхуяг, Д.Дашцэдэн, Д.Дашмаа, Д.Даваадорж, Т.Тогтох, Д.Мөнх-Эрдэнэ, Х.Болд-Эрдэнэ, Т.Лхагвабат, Л.Энхжаргал, Ц.Эрдэнээ, Н.Чинзориг нар ирж бүтээн байгуулалтын ажилд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин Монгол улсад өрнөсөн улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн оргил үе болох 1922-1939 онуудад өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн мөн чанар нь угтаа лам хуврагуудыг хомроглон баривчлах, буудан хороох байсан бөгөөд төр түүхэнд 36.0 мянгаар тэмдэглэгддэг ч түүнээс магадгүй 2 дахин олон хүнийг хэлмэгдүүлсэн байх магадлалтай тухай зарим эх сурвалж тэмдэглэсэн байдаг бөгөөд өнөөдөр сумын хэмжээн 130 гаруй гэж байгаа ч түүнээс ч олон байх үндэстэй. Олон олон хүний алтан амийг хүндэтгэн жил бүр тохиодог 09 сарын 10-ны өдрөөр энэхүү дурсгалын хөшөөний үнэ цэнийг хүүхэд багачдуудад таниулах, улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн сургамж, цаашид хүний эрхийг хөндөхгүй байх ухаарлыг төрүүлэх ажлыг санаачилна гэсэн бол багийн Засаг дарга Ц.Гансүхээс Хайрхан толгой багийн 10 жилийн ой болж байгаатай холбогдуулан орон нутаг болон улсын төсвөөс санхүүжүүлээгүй ч 10 бүтээлч ажлыг багийн иргэдтэйгээ хамтран бүтээхээр төлөвлөөд хийж байгаа бөгөөд өнөөдрийн энэхүү ажил 8 дахь болох тухай хэлж энэ ажлыг санаачилсан ахмад настан Г.Даваасүрэнд талархал илэрхийллээ.