Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Тэргүүн туршлага судаллаа.

2019-01-10

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончигоос баталсан удирдамжийн дагуу Арбулаг, Баянзүрх, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумдын ИТХ-ын ажлын албаны дарга буюу нарийн бичгийн дарга нар болох Ж.Сарантуяа, Х.Адилмаа, Ц.Номин, Э.Сосорбурам нар туршлага судлах аялалд явлаа.
Туршлага судлах удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн ИТХ, Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ-аар ажиллаж туршлага судаллаа. Туршлага судлах ажилд МНУХ-ны ажлын албаны дарга П.Янжинлхам 2019 онд МНУХ-ноос баримталж буй зорилго, зорилтууд, сургалтын хуваариуд болон гадаад, дотоодын аялалын хөтөлбөр, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал 01 сарын 08-ны өдрийн 10 цагт уулзах хуваарийн дагуу хүлээн авч уулзан дүүргийнхээ ИТХ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ИТХ-ынхаа ажлын албаны бүтэц, бүрэлдэхүүн, ажлы төлөвлөлтийн талаар сургалт мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүргийн ИТХ нь ажлын төлөвлөгөөг 3 төрлөөр гаргаж, календарчилсан төлөвлөгөө болгон нийтэд ил тодоор байршуулсан, намын бүлгүүдийг ажлын албатай болгосон зэрэг  авах санаа, туршлага их байлаа.
Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Уранцэцэг ИТХ-ынхаа дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэн, гарын авлага мэдээлэл сургалтыг хийлээ. Мөн сумынхаа ИТХ-аас баталсан бизнес хөгжлийн төлөвлөгөөг өгч, туршлага судлагсдын зүгээс ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг үнэлж, дүгнэх самбарыг ил тодоор байршуулсан нь, ажлыг нь дүгнэсэн 10 үзүүлэлт зэрэг нь ихэд шинэлэг байлаа.
Булган аймгийн ИТХ-аар орох ажил төлөвлөгдөөгүй боловч АИТХ-ын нарийн бичгийн дарга асан С.Цогтоо даргын санаачлагаар орж туршлага судаллаа. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Батчулуун, ахлах ажилтан Норжин нараас хүлээн авч аймаг, сумдынхаа ИТХ-ын онцлогийн талаар мэдээлэл өглөө. Булган аймаг нь Монгол Улсын бүх аймгуудын ИТХ-уудаас анхдагч болж бүх сумдаа ажлын албаны ажилтантай болгож, ажилтнаа төрийн захиргааны ажилтан болгосон нь мөн л анхдагч байсан.
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас ИТХ-уудын фото альбомыг гаргаж байршуулсан, ухаалаг индэр байршуулсан хурлын танхим зэрэг нь дэвшилттэй байлаа.
Булган аймгийн хутаг-Өндөр сум нь Булган аймгийн ИТХ-ын хувьд тэргүүний үйл ажиллагаатай сум бөгөөд ИТХ-ын дарга Н.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Ч.Отгонсайхан, ажлын албаны ажилтан Л.Буяннэмэх нараас хүлээн авч ИТХ-ынхаа үйл ажиллагаа, сумынхаа талаар мэдээлэл өглөө.
Хутаг-Өндөр сумын ИТХ нь 38.0 сая төгрөгөөр "Иргэний танхим"-ыг жишиг тохицуулсан, ИТХ-ын хороод, багийн ИНХ-уудаа чадавхжуулах талаар сайхан ажлууд санаачилсан зэрэг аяны богц дүүрэн туршлагыг орсон сумд бүрээс авч байлаа.
Туршлага судлах аялалын бүрэлдэхүүн хэдийгээр хувийн зардлаар аялж буй ч ард түмнийхээ төлөө бодлого барьдаг байгууллагын хувьд дээрх хурлуудын тэргүүн туршлагыг судалж, олон чадварлаг удирдагч, менежерүүдийн арга барилтай танилцсандаа туйлын талархалтай, байгаа бөгөөд цаашид өөр өөрсдийн ажилд нэвтрүүлж ажиллах юм.
Бид бүхнийг халуун дотно хүлээн авч, мэдээ мэдээлэл, туршлага, шилдэг санаа санаачлагаа хуваалцсан та бүхэндээ дахин талархал илэрхийлэе.