Тус сумын харьяат өндөр настан Т.Цэрмаагийн санал санаачлага, идэвх зүтгэлээр сумын Дашгэмпиллэн хийд байгуулагдан хууль ёсны бүртгэл тамга тэмдгээ авсан нь тэртээх 2004 онтой холбогдох билээ. Энэ хугацаанд шашны зүтгэлтнүүд үйл ажиллагааг өргөжүүлж дэлгэрүүлж амжаагүй ч үүд хаалгыг нь барьчихалгүй сүсэгтэн олонд үйлчилсээр ирсэн юм.
Харин өдгөө тус сумын харьяат Гандантэгчинлэн хийдийн гэвш лам С.Ганзориг хүрээ хийдээ өргөжүүлэх, шавь хүүхдийг бэлтгэх, сүсэгтэн олныхоо хандив дэмжлэгийг өрнүүлж, "Цогчин дуган" барих ажлыг эхлүүлэхээр өөрийн үндсэн ажлаас чөлөө авч нутагтаа ирж нутгийн олонтойгоо уулзан учирч, ажлынхаа зорилго чиглэлийг танилцуулж явна.
Багийн ИНХ-ууд дээр мэдээлэл хийж, баригдах цогчин дуганы төсөв өртөг, орох материалын талаар танилцуулга хийхэд иргэд талархан дэмжиж Шивэрт, Улаан-Асга, Хайрхан толгой багийн иргэд айл өрх болгон 10000-аас дээш төгрөгийн хандив өргөнө гэсэн бол Ёлгос багийн иргэд 20000-аас дээш төгрөгийн хандив өргөх санал гаргаж олон нийтээрээ баталлаа.
Мөн энэ үеэр хандивын үйл ажиллагааг зохион байгуулах хүмүүсээр Б.Болдбаатар, П.Оргил, М.Мягмарсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Амартүвшин,Ч.Отгонбаяр, С.Ишдорж, Б.Баянмөнх нарыг тохоон томиллоо.
Нутгаас гадагш байгаа иргэд хандив өргөхийг хүсч байгаа бөгөөд 5926038391 /С.Ганзориг/ дансанд хийж төвлөрүүлнэ. Дансны хуулгыг сараар гаргаж эргэн мэдээлнэ.
Дашгэмпиллэн хийдийн Цогчин дуганыг байгуулснаар:
-Уламжлалт үүх түүх, шашин соёлын үйл ажиллагааг сэргээн, хойч үедээ уламжлуулах
-Нутгийн иргэдийн итгэл бишрэлийн өргөөтэй болох
-Тухайн сумаас хилсээр хэлмэгдсэн 122-130-аад хүнийхээ дурсгалыг хүндэтгэх
-Хойч үеийнхээ хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой юм.
С.Ганзориг лам иргэдэд "Урианхайн аман билэг" номыг баг бүрт 20 ширхэгийг хүргэлээ.