Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин нь тус сумын уугуул, Нийгмийн ухааны багш, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Ажлын анхны гараагаа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын эрдмийн их уурхай ерөнхий боловсролын сургуулиас эхэлж байсан түүний хувьд 2007 оноос нутгийн өөрөө удирдах байгууллагад өнөөг хүртэл ажиллаж байна.
Ц.Номин нь
• ИТХ-ын төлөөлөгчдийн гарын авлага 2011 он
• ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийн үндэслэл, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал судалгааны тайлан 2012
• Ухаарлын зүг товхимол
• Сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө 2013-2023 он эмхэтгэл 2013
• ИТХ-ын төлөөлөгчийг чадавхжуулахад тулгамдаж буй асуудал эссэ 2014
• ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь эрдэм шинжилгээний илтгэл 2015
• “Хятад мотоциклоос үүдэн осол гэмтэл, гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь” эрдэм шинжилгээний илтгэл 2015 гэх зэрэг судалгааны чиглэлийн бүтээлүүд, “Сэтгэл эгшиглэхүй дор... “ яруу найргийн түүвэр хэвлүүлсэн авъяаслаг, ажил хэрэгч бүсгүй юм
Энэ удаа Та бүхэнд Ц.Номингийн Монгол ухаан, үр хүүхдээ сургаж ирсэн уламжлалын тухай сэдвийг хөндөн бичсэн “ Ухааны ихийг уламжлалаасаа ” нийтлэлийг хүргэж байна
Ухааны ихийг уламжлалаасаа
Будран орж буй цаснаар аав, хүү хоёр хөтлөлцөн алхна. Том жижиг хос мөр үлдээн урагшлах тэдний араас үдийн цайндаа яаран яваа миний чихнээ:
Хүү нь:-Цэцэн үг цээжинд
Цэцэг навч нь ууланд гэж юу вэ? гэхэд
-Зүйр цэцэн үг
-Биш ээ аав аа та мэддэггүй юм уу даа дайралцаа үг ш дээ гэсэн бяцхан мэтгэлцээн өрнөж байлаа.
-Нээрээ аль нь билээ гэж бодож явах зуур зүйр цэцэн үгийг яаж ийм товчхон ойлгомжтойгоор гаргадаг байсан юм бол оо гэж бодоход хүрлээ.
Ажил хийвэл дуустал... гээд дараагийн мөрийг захын хүүхэд л хэлчихнэ. Аливаа зүйлийг жишин зүйрлэж цэцэн мэргэнээр өгүүлэх талаар Монголчууд аргагүй л гарамгай байж.
Өвсний сөл, усны тунгалаг, уулсын ээврийг даган нүүдэллэж ирсэн миний ард түмэн хүн төрөлхтөнд өөрийн гэсэн соёлыг түгээн дэлгэрүүлсээн.
Өвөг дээдсийн маань үед боловсролын тогтолцоо, цогц чадамж, стандартын тухай ойлголт, тийм үг хэллэг байгаагүй ч ил, далд ухамсрын аргаар хүүхдээ хүмүүжүүлж байж.
“Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй, ухаантай болгох” гэсэн үг гэж тодорхойлсныг уншсанаа саналаа.
Ардын сурган хүмүүжүүлэх 10 зарчимд
Хүүхдээ зөв хайрла.
Хүүхдээ хамгаалж яв.
Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ.
Хүүхэдтэйгээ хамт тоглож наад.
Хүүхэдтэйгээ цуг үйл хий.
Хүүхдэдээ өөрийнх нь хүч чадлыг хэлж өг.
Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө.
Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу.
Хүүхдээ дурсах юмтай өсгө.
Хүүхдэдээ амьдрах ухаан заа.
Үүний зэрэгцээгээр хүүхдэд цээрлэх 6 зүйл:
Гашуунаар бүү тэтгэ.
Амттанаар бүү цатга.
Өнгөнд бүү умбуул.
Мөнгөнд бүү шунуул.
Улай бүү үзүүл.
Нойронд бүү автуул гэж сургаж хууль мэт дагаж мөрдсөөр ирсэн. Амнаас ам дамжин хэлж, хөгшин залуугүй мэддэг байсан болохоор ардын аман зохиол гэж нэршсэн гэдэг ээ.
Ахуй амьдралын өдөр тутмын хэрэглэгдэхүүн дээр жишээ аван уран яруугаар ярих монгол хэлний гайхамшиг ч энд чухал.
Яруу сайхнаар хэлэх тухай Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн эрих, Зохист аялгуун толь, Хутагт дээд Алтангэрэл судар, Мэргэд гарах орон, Арван агь нарын гарал, Ламиран бодь, Монголын гүн ухааны уламжлалд тогтсон таалал зэрэг ном судруудын бичигдсэн хэлбэр, агуулгаас зүйрлэн хэлж цэцэлсэн гайхамшиг харагддаг нь зүйр цэцэн үгийн үүсэл гарал ямархан эртнийх гэдэг нь илэрч байна.
Монголчуудын бичиг соёл, хөгжил дэвшил, аугаа түүхийн гэрч болсон дээдийн дээд ном судраас дээжлэн нэрлэснийх дотоод агуулгаас тоймлон гэрчлэхэд:
Жижиг тугалын бэлчих бэлчээрээс даваагүй
Жирэмсэн эхийн шээх газраас холдоогүй гэж ямар агуулгаар хэнийг хэн шүүмжилсэн гэдгийг бас л та бүхэн мэдэж байгаа. Бид одоо энэ хэллэгийг хэрхэн хэлэх бол? Магадгүй юм үзээгүй мангар бацаан гэх вий.
Эмгэнэлтэй ч юм шиг. Өнөөдрийн нийгмийн хөгжил дэвшлийг дагаад хүүхдүүд маань этгээд үг, зурагтын рекламаар ярилцаж байна. Fasebook-нийхээ зураг шиг бай л даа. Гар утасгүй бол үхлээ юү? гэхийн зэрэгцээгээр тэгж харагдана ш дээ, боло ш дээ, болъё оо гэх мэтчилэнгийн үгс ярианы хэлэнд бат бэхээр байр сууриа эзэлсэн байна. Тэр хэллэгүүд бас өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг.
Энэ тухай ярихыг орхиод юу хамгийн ихээр нөлөөлж байна вэ? гэдгийг эргэцүүлэхэд:
Технологижсон орчинд интернэтээр аялах, компьютер тоглох, телевизор үзэх зэрэгт бидний амьдралын үнэ цэнэтэй хугацааны хичнээн нь зарцуулагдана вэ?
Монгол хүний дундаж наслалт 65.
№ Үйл ажиллагаа Өдөрт зарцуулах цаг 65 жилд зарцуулах жил
1 Унтахад 8 21
2 Ажиллах, хөдөлмөрлөх 8 21
3 Хооллох 2 5
4 Найз нөхөдтэйгээ уулзах 1 3
5 Ар гэрийн ажил 1 3
Нийт 20 53
Бидэнд үлдсэн идэвхтэй буюу өөрийгөө хөгжүүлэх, аялал зугаалгаар явах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд ердөө л 12 жил байдаг юм байна шүү дээ. Үүнийхээ хэдэн жилийг нь зурагтын өмнө сууж өнгөрөөдөг вэ? гэдгийг уншигч та өөрөө бодож олоорой.
Нэгэн жишээ: Хотын нэгэн дүүрэгт тог тасраад 8 цаг болсны дараа 13 настай хүү найзруугаа утасдаж байна гэнэ.
-Тог тасраад мийрлаа ш дээ. Мэйл байхгүй аав бухимдаад, ээж пицца захиалах гэж утасныхаа цэнэг, нэгжийг дуусгаад баларсан. Дараа нь бид хийх юм байхгүй хоорондоо жаал буу халлаа. Манай гэрийнхэн ёстой дажгүй хүмүүс юм байна. Сониноос аав, ээж 2 надад их санаа тавьдгийг мэдлээ гэж ярьсан гэнэ. Гэр бүл, найз нөхдийн харилцаа хөндийрч мессеж, мессенжерийн товчхон, тусгай хэлээр ярилцаад бид дасаж байх шиг. Хүүхдүүдийн маань хэлж ярих нь мэдэгдэхээ байж бидэнд ухаалаг гар утас ашиглахыг зааж байна. Шинэ эриний хүүхдүүд, шинэ бүхэндээ амархан дасч, амархан сурч байгааг буруутгах гээгүй ч сэтгэхүйн хөгжил нь түрүүлээд, хэл яриа, бие бялдрын хөгжил нь доголдож байгаа юм болов уу?
Эргээд л уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанаа сөхвөл: Үр хүүхдээ өсгөхдөө:
3 хүртэл насанд нь ХААН мэт дээдэл
5 хүртэл насанд нь ХАТАН мэт хүндэл
5-аас дээш насанд нь ХАРЦ мэт харьц
13-аас дээш насанд нь НАЙЗ мэт нөхөрлө гэж нас насны онцлогоор нь хүмүүжүүлж ирсэн байх юм.
Улс үндэстэн бүрт давуу тал, онцлог гэж байдаг. Энд нэгэн үндэстэнг дурдъя.
-Тэд гялалзсан судалтай 3 хослол бүхий сайн чанарын костюм өмсөнө. Тэргүүн дээрээ бүрх малгай тавьж, шүхэр барингаа сугандаа сонин хавчуулсан байна. Тэдний алхаж, гишгэх нь хүртэл эрхэмсэг. Энэ дүр зураг англичуудаас өөр хэнийг ч үл санагдуулна гэж сэтгэл судлалын ухааны доктор профессорын илтгэлд дурдагдаж байсныг би санаж байна.
Нүүдэлчин Монголчууд нялх нярай хүүхдээ нэхий өлгийд өлгийдөн бага балчир насанд нь адасга, хөдсөн ширдэг дээр өнхрүүлж биеийг чангаруулж, зүйр үг, жороо үгээр хэлийг зүгшрүүлж, амьдралын эрээн барааныг таниулж сэтгэлийн бяд суулгадаг хар ухаалаг гэж гүн ухааны түүхэнд тодорхойлогддог монгол философи өнөөдөр ямар түвшинд явна вэ?
Бидний хүүхэд: “Бидний хүссэнээр биш, хүмүүжүүлснээр маань төлөвшдөг”!
Өмнө дурдсанчлан гэр бүл, эцэг үрийн харилцаа, эх үрийн холбоо хөндийрөхийн зэрэгцээгээр хүүхдээ ямар хүн болгон төлөвшүүлэх эцэг эхийн боловсрол, нүдээр харж, чихээр сонсож өсдөг гэр бүлийн орчноо бид хэрхэн бүрдүүлсэн бэ? гэдгээ ч бас анхаармаар.
Үүнтэй адилхан Монголчуудын хувьд хүнээр хүн хийх ухаан нүүдлийн соёл иргэншилтэйгээ нягт холбоотойгоор хөгжиж, дэлхийг байлдан дагуулах хүчтэй байсан.
“Sekret” /нууц/ гэх ном дэлхийг шуугиулсан. Тухайн номыг 46 хэл дээр хэвлэхэд 30 сая хувиар борлогдож дэлхийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан. Энэ номны тухай дэлхий нийтээрээ сайхан ном болж нууц байхаас аргагүй юм байжээ гэсэн мэдээлэл интернэтэд тавигдсан. Нууц номын гол агуулга нь нөгөөх л бидний “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных”, “Сайн санааны үзүүрт шар тос”, “Санаа зөв бол, заяа зөв”, “Санаа муут үхтлээ зовно, унаа муут хүртлээ зовно” гэж хэлсэн үгнүүд яахын аргагүй мөн мэт ээ. Магадгүй өнөөдөр та “Нууц” номыг уншиж амжаагүй бол маргааш уншаарай. Надтай санал нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Өөрийн гэсэн бүхэндээ эзэн байх Монгол ухаан хаана байнаа. Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав байх нь бидний өвөг дээдсийн мөн чанар нь байсан гэж бодож байна.
Нөгөө талаар даяаршлын нийгэмд дангааршихын ач холбогдлын талаар авч үзмээр байна.
-Хүүхдээ сайн хүн болгох гэж зүтгэдэг шигээ өөрсдийгөө зөв төлөвшүүлж, ардын сайхан уламжлалыг өвлөж өнөө цагийн шинжлэх ухаантай холбон хөгжүүлэх
-Зөв сайныг сургаж ирсэн зүйр үг болон бусад ардын аман зохиолын төрлийг уншиж судалж, үр хүүхдүүддээ өвлүүлэх
Сайхан төлөвшилтэй хамт олон, гэр бүл, эцэг эхийг алдаршуулан үйлсийг нь дэлгэрүүлэх
Сайхан хөрсөнд аливаа бүхэн сайн ургадагтай адилаар биднийг бахархан дууриадаг үрсийнхээ оюун ухаан, сэтгэл санааг өв тэгш хөгжүүлэх чансаатай оюунлиг, бахархам аав, хүндэтгэм ээжүүд минь уламжлалт ухаанаа гэршүүлэх хүслийг минь тунгаан болгооно буй за.
Хэлсэн үгэндээ эзэн
Идсэн хоолондоо сав болдог нь хэн юм бэ? Би, та, бид. Монголчууд. Үгийг хэлээд орхидог биш, хэрэгжүүлж ажил болгодог тэнгэр заяат түмний үр сад минь ээ...
Монгол ухаанаар хүмүүжсэн
Монголоо гэсэн сэтгэлтэй
Монголын удам залгасан ухаалаг, хүмүүнлэг иргэн байж, үр хүүхдүүддээ үгийн цэцэн үйлийн сайнаар үлгэрлэж амьдарч чаднаа.
Монголын цэнхэр тэнгэр “Монгол бахархлын өдөр”-ийг хураар мялаан бударсаар....
Боржигон овогт Цолмонгийн Номин