Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих журам

2016-01-06

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 6дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1         Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах явцад иргэдийн оролцоотой хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2         Энэхүү журам нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам,  Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмын хүрээнд үйлчлэх ба эдгээр хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ.

1.3         Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сумын ИТХ, Засаг дарга, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, Хяналт тавих ажлын хэсэг, багуудын ИНХ, Засаг даргын эрх хэмжээ, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, түүнчлэн иргэдийн оролцооны хэлбэр, агуулгыг энэ журмаар тогтооно.

Хоёр. Иргэдийн оролцоог хангах хэлбэр, агуулга

2.1         Иргэдэд Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс уг сангийн үйл ажиллагааны талаарх дор дурдсан мэдээллийг нээлттэй байлгах ажлыг зохион байгуулна.

2.1.1        Сум хөгжүүлэх сангийн зорилго, чиглэл, төсөл сонгон шалгаруулах болзол, зээлийн хэмжээ, эргэн төлөлтийн нөхцөл

2.1.2        Сум хөгжүүлэх сангийн нийт хөрөнгө, зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжилтийн хуваарь, тухайн жилд зарцуулах нийт хөрөнгийн хэмжээ, хүү, торгууль, алдангийн хэмжээ

2.1.3        Сум хөгжүүлэх сангаас шалгарсан төслүүдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл

2.1.4        Сум хөгжүүлэх сангийн тухайн жилд санхүүжүүлэхээр төлөвлөж буй тэргүүлэх чиглэл, хөрөнгийн нийт хэмжээ

2.1.5        Сум хөгжүүлэх сангийн шалгаруулалтад оролцох төсөлд тавигдах шаардлага

2.1.6        Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, Хяналт тавих ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн үйл ажиллагаа, чиг үүрэг, шийдвэрийн талаарх мэдээлэл

2.1.7        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдээс оролцох, хяналт тавих боломж, хэлбэрийн талаарх мэдээлэл

2.1.8        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн аливаа аудит, хяналт шалгалт, үнэлгээний дүнгийн талаарх мэдээлэл, гаргасан санал дүгнэлт

 

2.2         Энэ журмын 2.1-д заасан агуулгатай мэдээллийг дараах хэлбэрээр нээлттэй байлгана.

2.2.1        Сумын ИТХ-ын болон ЗДТГ-ын мэдээллийн самбарт бичмэл хэлбэрээр байршуулах

2.2.2        Сумын болон сумын ИТХ-ын цахим хуудаст байршуулах

2.2.3        Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл түгээх

2.2.4        Сум хөгжүүлэх сангийн талаарх хэвлэмэл материал (товхимол, гарын авлага, нугалбар, бусад материал) тараах

2.2.5        Сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан, багийн Засаг дарга, ИНХ-ын Тэргүүлэгчид Сум хөгжүүлэх сангийн талаар байнгын мэдээлэлтэй байх, иргэдэд мэдээллийг амаар болон бичгээр түгээх

2.2.6        Сум хөгжүүлэх сангийн төслөөр санхүүжиж үүссэн шинэ үйлдвэрлэл үйлчилгээ, тэдгээрийн амжилт бүтээл, сайн туршлагыг иргэдэд сурталчлах

 

2.3         Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг шинэчлэх ажлыг дор дурдсан хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.3.1        Энэ журмын 2.1-д заасан мэдээллийг мэдээллийн самбар, цахим хуудас, хэвлэмэл материалд байнга байршуулж, холбогдох албан тушаалтан иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэх чадвартай байна.

2.3.2        Эдгээр мэдээлэлд зохих журмын дагуу өөрчлөлт ороход тухай бүрт нь мэдээллийг шинэчилж, баяжуулна.

2.3.3        Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь мэдээллийг тодорхой давтамжтай шинэчлэн байршуулах, түгээх үүрэгтэй байна.

2.3.4        Хяналт тавих ажлын хэсэг нь мэдээллийн үнэн зөв, шинэлэг байдал, шинэчлэх үйл явцад хяналт тавина.

 

2.4         Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах дор дурдсан хэлбэрүүд байна.

2.4.1        Сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, багийн Засаг дарга, ИНХ-ын Тэргүүлэгчдээс эрхлэн Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар иргэдийн дунд тусгайлан хэлэлцүүлэг, сургалт, нээлттэй сонсгол, ярилцлага, санал асуулга зохион байгуулах

2.4.2        Багийн ИНХ-ын хуралдааны үеэр болон иргэдтэй хийх уулзалтын үеэр холбогдох албан тушаалтан иргэдтэй санал солилцох

2.4.3        Иргэдийн болон төр, төрийн бус байгууллагын санаачлагаар Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, төсөл сонгон шалгаруулах үйл явц, санхүүжилт, эргэн төлөлтөд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

2.4.4        Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллөөс оролцуулж ажиллуулах

Гурав. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд тавих хяналт

3.1         Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой хяналт тавих ажлыг сумын ИТХ-аас байгуулсан Хяналт тавих ажлын хэсэг хэрэгжүүлнэ.

3.2         Хяналт тавих ажлын хэсэг нь тухайн сумын харьяат 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хяналт тавих ажлын хэсгийн гишүүн нь дор дурдсан шаардлагыг хангасан байна.

 

3.2.1        Тухайн сумын харьяат, сонгуулийн насны иргэн байх

3.2.2        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар аливаа сонирхлын зөрчилгүй байх

3.2.3        Төрийн жинхэнэ албанд ажилладаггүй байх

3.2.4        Сумын ИТХ-ын төлөөлөгч биш байх

 

3.3         Хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг жил бүр шинэчилнэ.

3.4         Хяналт тавих ажлын хэсэг нь дор дурдсан чиглэлээр хяналтыг хэрэгжүүлнэ

3.4.1        Энэ журмын 2.1-д заасан Сум хөгжүүлэх сангийн талаарх мэдээллийн ил тод, шуурхай, хүртээмжтэй байдал

3.4.2        Сум хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах болзол, хугацаа, тухайн жилд олгох хөрөнгийн хэмжээний талаарх мэдээллийг холбогдох журмын дагуу хугацаанд нь түгээсэн эсэх, иргэд уг мэдээллийг олж авах боломжтой эсэх

3.4.3        Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүдийн ашиг сонирхлыг зохицуулсан эсэх

3.4.4        Сум хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын үйл явц ил тод, шударга явагдсан эсэх, төсөлд тавигдах шаардлагыг мөрдсөн эсэх

3.4.5        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа нь сумын иргэдийн нийтлэг эрх ашиг, сумын хөгжлийн хэтийн зорилтод нийцэж байгаа эсэх

3.4.6        Сум хөгжүүлэх сангийн зээлийн санхүүжилтийн хуваарь, зээлийн эргэн төлөлт, сангийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ

3.4.7        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, төслийн сонгон шалгаруулалт, хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргасан иргэдийн санал, хүсэлт, гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал

3.4.8        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, сумын ИТХ-аас хүргүүлсэн дүгнэлт, зөвлөмж Зээлийн гэрээний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тухай мэдээллийг иргэдэд хүргэсэн байдал

3.4.9        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбоотой бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа

3.5         Хяналт тавих ажлын хэсгийн үйл ажиллагаа нь дор дурдсан хэлбэртэй байна.

3.5.1        Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс гаргасан шийдвэр, мэдээлэл, зар, холбогдох тооцоо, бусад баримт бичигт шинжилгээ хийх, дүгнэлт гаргах

3.5.2        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар иргэдийн санаа бодлыг судлах, нэгтгэх, мэдээлэх, хэвлэн нийтлэх

3.5.3        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, үр дүнг нь нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх

3.5.4        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, төсөл сонгон шалгаруулах үйл явц, хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг иргэдэд түгээх, нээлттэй болгох, хэвлэн нийтлэх

3.5.5        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд оршиж буй дутагдал, зөрчлийг илрүүлэн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх буюу шийдвэрлүүлэхээр зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх

3.5.6        Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал дүгнэлт боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх

3.5.7        Сум хөгжүүлэх сангийн ТСШЗ-ийн зээлийн олголтын үр ашиг, мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийх, бий болсон ажлын байр, НДШ төлөлтийн байдалд дүгнэлт хийж, зээлийн ашиглэлт, гэрээний хэрэгжилт хангалтгүй аливаа нэгэн зөрчилтэй гэж үзсэн дүгнэлтээ сумын Засаг даргад шийдвэрлүүлэхээр хүргүүлэх

3.6         Хяналт тавих ажлын хэсэг нь шийдвэрээ бие даан гаргах бөгөөд энэхүү журам болон сумын ИТХ-аас тогтоосон бусад эрхийн актын хүрээнд ажиллана.Хяналт тавих ажлын хэсэг нь ажлаа сумын ИТХ-д хариуцан тайлагнана.

3.7         Сумын ИТХ нь тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах, зардлыг нь санхүүжүүлэх үүрэг хүлээнэ.

3.8         Хяналт тавих ажлын хэсгийн хяналт шалгалтын ажлын үр дүн, гаргасан санал дүгнэлтийг сумын ИТХ хэлэлцэж, нийтэд мэдээлэх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох ажлыг зохион байгуулна.

3.9         Хяналт тавих ажлын хэсгээс энэ журамд заасан ажил үүргээ гүйцэтгэхэд нь сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Сум хөгжүүлэх сангийн ТСШЗ, багийн ИНХ, Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтан шаардлагатай мэдээллээр хангах, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Дөрөв. Журмын хариуцлага

4.1         Энэхүү журманд заасан мэдээллийг нээлттэй болгох, мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтанд сумын ИТХ-ын шийдвэрээр биелэлтийг албадан хангуулах ба энэ журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэний нэрийг нийтэд ил тод мэдээлэх хүртэл арга хэмжээ авч болно.

4.2         Энэ зөрчил нь хууль зөрчсөн, ноцтой үр дагавар учруулсан бол буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх ажлыг сумын ИТХ-аас хариуцан зохион байгуулна.

4.3         Энэ журмын 4.1-д заасантай холбогдон гарсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлж болно.

4.4         Хяналт тавих ажлын хэсгийг энэ журманд заасан ажил үүргээ хэрэгжүүлэхэд нь аливаа байгууллага, албан тушаалтан ямарваа нэг хэлбэрээр саад учруулах, шаардлагатай мэдээллээр хангахгүй байх, эрхийг нь хязгаарлах, дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхахыг хориглоно. Саад учруулсан гэж үзвэл Хяналт тавих ажлын хэсэг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж болно.