Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Ном хэвлүүллээ.

2016-01-12

2011 онд МУЗГ-аас сум хөгжүүлэх сан бий болгож 2011 оны 134 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам” батлан хэрэгжүүлж байна. Тус сангийн зорилго, үйл ажиллагаа нь суманд ЖДҮ бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, ЖДҮ хөгжсөн байдал, өмнөх жилийн зээлийн ашиглалт, зээл авах хэрэгцээ шаардлагаас хамаарч санхүүжилтийг олгох тус сангаас  Чандмань-Өндөр суманд 330 гаруй сая төгрөгийн хөрөнгийн сан үүсч өнөөдрийн байдлаар 57 төсөлд санхүүжилт олгосон байна.

Сум хөгжүүлэх сангийн талаар иргэдийн ойлголтын түвшин ямар байна вэ?

 Сум хөгжүүлэх сангийн талаар иргэдийн ойлголт, мэдээ мэдээллийн түвшинг тодорхойлох санал асуулгыг 250 иргэний хүрээнд явууллаа.

Үр дүнтэй хэрэгжиж байгаа төслөөс 3-ыг нэрлэнэ үү? гэсэн асуултад 750 хариулт өгөхөөс 102 хариулт гарсныг задлан харууллаа. Төслийн баг, ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран багуудад ажиллахад иргэдийн 80-90% нь  “Сум хөгжүүлэх сан”-гийн талаарх мэдээллийг аваагүй гэсэн хариултыг өгч байлаа.

Ямар асуудлууд байна вэ?

-Иргэдийн мэдээ мэдээлэл авах эрхийн зөрчил

-Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн үйл ажиллагаа нээлттэй бус

-Төсөл эзнээ олоогүйгээс амжилттай хэрэгжсэн, хэдэн ажлын байр бий болсон гэх статистик судалгаа, тооцоолол байхгүй

-Иргэд оролцох арга замаа мэддэггүй, мэддэг нэг нь оролцох хүсэл сонирхолгүй болсон

-Төслөө амжилттай хэрэгжүүлж буй иргэдээ алдаршуулах, бүтээгдэхүүнийг борлуулах санаачлага тогтмол бус /үзэсгэлэн худалдаанааг эс тооцвол/, төслөө хэрэгжүүлээгүй иргэдийн зээлийг эргүүлэн татах, иргэдэд мэдээлэх, хариуцлага тооцох ажил хийдэггүй

-Иргэдийн оролцоо хангах ажлын менежмент боловсруулж хэрэгжүүлдэггүй

-Нийгмийн баялгийг тэгш хүртэх иргэдийн эрх ашгийг үл хүндэтгэн цомхон хүрээнд мэдээлж, цөөхөн хүний эрх ашигт үйлчилж байна гэсэн хандлага иргэдийн дунд үүссэн

-ИТХ, Тэргүүлэгчид, аудитын газраас гаргасан дүгнэлт, зөвлөмж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулдаггүйгээс “Сум хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа хангалтгүй гэсэн үнэлгээг нийт иргэдийн зүгээс өгөх үндэслэл болсон байна.

Иргэдээс гаргасан гомдол, хүсэлт, санал.

5 дугаар багийн иргэн Т “Чи ганц бие хүн байж төсөл авах шаардлагагүй гэсэн”, 4 дүгээр багийн иргэн Ц “Төсөл бичээд өгөхөд хүлээн авсан ажилтан төслийг маань авчихаад Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлээгүй сейфэндээ дарсан байсан”, 1 дүгээр багийн иргэн О “Захиргаанд ажилладаг төрийн албан хаагчдын ар гэр, хамаатан садан авдаг”, 3 дугаар багийн иргэн О “Хаана, хэнд, хэзээ өгөх талаар ямарч мэдээлэл байдаггүй” гэсэн гомдлууд гарсныг төслийн багийн гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид баримттай нотолгоотойгоор хүлээн авсан байна. Иргэдээс цаашид анхаархмаар олон санал хүсэлт тавьж байсныг тоймлон багцлахад:

-Сум хөгжүүлэх сангийн төслийг хүлээн авах, шалгаруулдаг хүмүүсийн талаар мэдээлэл ил тод байх

-Төслөө зориулалтын дагуу ашиглаагүй, төслөө хэрэгжүүлэхгүй байгаа иргэдэд хариуцлага тооцох

-Малчдад олгох зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хугацаа урт байлгахад анхаарах

-Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил тутам өөрчилж байх

-Багийн Засаг дарга нараас багийн иргэдэдээ “Төсөл сонгон шалгаруулдаг зар”-ыг хүргэдэг байх

-Төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс иргэдэд мэдээлэл хүргэдэг байх асуудлуудыг шийдвэрлэмээр байна гэсэн санал хүсэлтүүдийг олон гаргаж байсан юм.

Энэ асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, иргэдийн хяналтыг сайжруулах зорилгоор "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих" журмыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан бөгөөд гарын авлагаа иргэдэд хүргэнэ.