Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Илтгэл тавьж хэлэлцүүллээ.

2016-03-01

Сумын ЗД-ын үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйг сайжруулах нь

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин

Монгол улсын ЗЗНДНТУТХ-ийн чиг үүргээр сумын ИТХ-ын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан,  хуралдааны чөлөө цагт Тэргүүлэгчид байдаг.

ИТХ түүний Тэргүүлэгчдийн гүйцэтгэх чиг үүргийн дотроос сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил жилийн  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, дүгнэх асуудал бол нутгийн өөрөө удирдах байгууллагын  хувьд, сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг төлөвлөдөг, чиглүүлдэг байгууллагын хувьд тэргүүлэх  ач холбогдолтой асуудал юм.

26.8 Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг,  нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.[1]

26.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус  тус жил бүр тайлагнана гэсэн хуулийн заалтын дагуу энэхүү чиг үүргийг гүйцэтгэх учиртай.[2]

Энэхүү чиг үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа вэ?

 Мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн батлах явцын тухайд: Төсөл бэлдэх явцад ИТХ-ын оролцоо  байхгүй оруулж ирсэн төслийг батлахдаа гарах үр дүн, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тавьж  өгөхгүй баталж байна. /Эргэх холбоо бүхий хөгжлийн цикл биш, ажлыг тэргүүлэх болон бусад хэмээн эрэмбэлсэн  жагсаалт байх дүр зураг түгээмэл байна./

 Гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэх тухайд: Баримт бичигт үндэслэх хэлбэрт тулгуурлаж байна. Мөн төрийн  хяналт ЗГ-ын шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэгдэж байна. /Одоогийн байдлаар ЗДТГ-ын даргаас оруулж ирсэн    үнэлгээ, тайлбараар төсөөлж үнэлдэг./

 ИТХ-ын бодлогын хороодын дүгнэлт гаргахад: ИТХ өөрөө сонгуулийн үр дүнгээр бий болдог байгууллага тул  хүний нөөцийг сайтар зохион байгуулах асуудал тулгамждаж байна. ИТХ-ын хяналт шалгалтыг чанар үр дүнтэй  гүйцэтгэхийн тулд иргэдийн оролцоонд тулгуурлан жилд 1 удаа гүйцэтгэж байна. 2015 онд аймгийн ИТХ-ын ажлын  алба, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэглэгчийн үнэлгээний судалгаа, сэтгэл ханамжийн үнэлгээнд  үндэслэн ЗД түүний хэлтэс албадын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн нь хяналт,  шалгалтын ажлын чанарыг сайжруулах үндсэн нөхцөл боллоо гэж үзэж байна.

 Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх процессын тухайд: Сумынхаа нийт иргэдэд мөрийн   хөтөлбөрийг заалт бүрээр нь хүргэх асуудлыг зохион байгуулж төлөөлөгч бүрт гарын авлагаар хүргэн, улирал тутам  сэдэвт хяналт шалгалтыг тогтмолжуулаад байна. Жишээлбэл: 2015 оны 1 дүгээр ЗД-ын мөрийн хөтөлбөр дэх  байгаль орчны асуудалтай холбогдох заалтуудыг үнэлэх зорилго бүхий “Хөрсний болон орчны аюулгүй байдлыг  хангах үүднээс хогийн нэгдсэн цэгийг цэгцлэн хог хаягдлыг шинэ зохицуулалтаар шийдвэрлэн хогны машинтай  болно”, “Багуудад мал үзлэгийн хашаа шинээр барьж зарим багийг угаалгын ваннтай болгоно” заалтуудаар    иргэдийн санал асуулга авч, үнэлгээ дүгнэлт гаргалаа.

 -ИТХ-ын тогтоолын хавсралтад “ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар /20.0 сая төгрөг/ сумын төвийн хогийн нэгдсэн  цэгийг цэгцлэн талбайг 2 дахин хумьж багасган далан үүсгэн цэгцлэв. Жил бүр нийтийг хамарсан цэвэрлэгээ  хийгдэж байна. Энэ ажилд 2015 онд хог цэвэрлэгээний ажилд 1.3 сая төгрөг зарцуулсан, хог хаягдал цуглуулж  тээвэрлэх зорилгоор машин бүхий нэг иргэнийг гэрээгээр үйлчилгээ эрхлүүлэн цалинжуулж байна.” гэжээ. Энэ  заалтын хэрэгжилт 90%-тай үнэлэгдсэн байна.

  Хэрэгжилтэд хөрсний болон орчны аюулгүй байдлын үнэлгээг хэрхэн үнэлэх, айл өрхийн, ААН-ийн эргэн тойрны  хөрсний бохирдлын асуудлыг хөндөх асуудлыг оролцуулах эсэх дээр анхаарах шаардлага байжээ.

 -Мөн тогтоолын хавсралтад “ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 1, 2, 3, 5-р багуудад мал эмнэлгийн урьдчилан  сэргийлэх арга хэмжээний хашааг шинээр барьж ашиглалтанд оруулав. Улаан-Асга багт мал угаалгын ванн шинээр  барив” гээд энэ заалтын хэрэгжилтийг 100 хувиар үнэлжээ.

 Мал угаалгын ваннын талаар Улаан-Асга багийн Засаг даргаас хэдэн иргэний хэдэн малд үйлчилгээ үзүүлсэн тухай  тоо мэдээг гаргаж өгнө үү? гэхэд 2013 оны 09 сард баригдсанаасаа хойш 1 ч иргэний 1 ч малд үйлчилгээ үзүүлээгүй  тухай хэлсэн юм.

  Эцсийн үнэлгээ өгөх асуудалд ИТХ-ын хуралдаанаас тогтоол гарган баталдагийн хувьд иргэдийнхээ эрх ашгийг  хангах үүднээс энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлгээ өгөхдөө онцгойлон  анхаарах хэрэгтэй байна.

Харин чанар үр нөлөөг дээшлүүлэхэд:

1.      Мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хүрэх үр дүнг нарийвчлан тооцоолж, тоогоор томъёолдог байх

2.      Мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг бодлогын чиглэлээр ангилан ИТХ-ын хороодод хувиарлан, гүйцэтгэлийн хяналт хийлгэх

3.      Хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох аргачлал боловсруулан хэрэгжүүлэх

4.      ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй ажил үйлчилгээний тендер шалгаруулалт, хэрэгжилтийн явцад тавих хяналтыг сайжруулах

5.      Аливаа асуудлыг олон талаас нь нөхцөл байдалтай нь холбон үнэлэх чадварт суралцах асуудлууд тулгарч байна гэж үзэж байна.

Анхаарал тавьсан явдалд талархлаа.