Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сургуулийн захирал Б.Ичинхорлоо "Сурагчийн тангараг"-тай болж буй үйл ажиллагааг нээж хэлсэн үг.

2016-03-05


Windows-1251-->Unicode(cyr)
Unicode(cyr)-->Windows-1251


“ТАНГАРГИЙН БАЯР”-ЫН НЭЭЛТЭНД ХЭЛСЭН ҮГ

Сайн байцгаана уу эрхэм орон нутгийн удирдлагууд аа!

Сайн байцгаана уу хүндэт эцэг эхчүүд ээ!

Сайн байцгаана уу урилгаар хүрэлцэн ирсэн зочид оо!

Сайн байцгаана уу эрдмийн олон суралцагсад аа!

Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэж, Чандмань-Өндөр сумын Сургуулийн суралцагсдын “Тангаргийн баяр”-ын мэнд дэвшүүлж, хүн бүхэн хэлсэндээ хүрч, хүүхэд бүхэн зорилгоо биелүүлж, үнэт зүйлсээ эрхэмлэн нандигнаж, амжилт бүтээлээр баялаг, аж жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе. /Хүндэтгэлийн хөгжим/

Монголчууд өнө эртнээс андгай өргөж, ам тангараг тавьж, анд нөхөр бололцож ирсэн уламжлал, өвөрмөц онцлог бүхий түүхтэй содон ард түмэн билээ. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-ны 116, 117-р зүйлд: Тэмүүжин Жамух хоёр гурван удаа анд бололцсон тухай өгүүлж, Хорхунаг Жибурын хөндийд Хулдгар хуны өвөрт Саглагар модны дор Сайхан хурим үйлдэж Сайтар бүжиглэн жаргаж Санаа сэтгэл нэгдэж Сайхан нөхөд болоод Шөнө нэгэн хөнжилд орж хонох бүлгээ гэж бичсэн байдаг. Алунгоо эхийн хойч ирээдүй болсон хүүхдүүд суралцагсад та бүхэн Чандмань-Өндөр сумын ЕБС-ийн суралцагчийн тангарагтай болж, Суралцагчийн тангараг өргөснөөр: - Чандмань-Өндөрийн ирээдүй, Чандмань-Өндөрийн хөгжлийг цогцлооч, Чандмань-Өндөрийн нэр сүрийг бадруулагч болно гэсэн омогшил бахархлаар цог золбоо дүүрэн байх - Эрдэмт хүмүүн хэлсэндээ Эмээлт морь харайсандаа гэдэгчлэн өргөсөн тангарагтаа чин үнэнчээ илэрхийлж, хичээл сурлагандаа тогтмол амжилт гаргаж, авьяас чадвараа байнга хөгжүүлж, зорилгоо тэмүүллийнхээ төлөө тууштай тэмцэж, хүмүүжил төлөвшил, ёс зүйгээ ямагт эрхэмлэх - Өөрөө өөрсдийгөө бүрэн дүүрэн нээлттэй илэрхийлэх, төрөлх сургуулийнхаа үнэт зүйл, бахархал нь болохын төлөө хичээн зүтгэх эрмэлзэлтэй болох үндсэн ач холбогдолтой гэж дүгнэж байгаагаа сонордуулахад баяртай байна. /Хүндэтгэлийн хөгжим/

Өргөсөн тангарагтаа үнэнч байна, тангарагаасаа үл няцна гэсэн ойлголтууд нь “төмөр хүрээ мэт бат бөх” тангарагийн үнэ цэнэ, бие хүний гуйвж дайвшгүй тулх туйлбартай байдал, тэсвэр тэвчээр, эр зориг, шулуун шударга зан чанарыг өндөрт өргөж өгдөг гэдгийг суралцагсад та бүхэн гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. 12 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 12.1. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдгийг энд онцлон хэлэх нь утга учиртай. Иймд Чандмань-Өндөр сумын Сургуулийн суралцагсад та бүхэн өргөсөн тангарагтаа суралцагч байх бүхий л насаараа чин үнэнч байх хүндтэй үүрэг, хариуцлага, итгэл найдвар үүрч байгаагаа гүнээ ухамсарлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидний анги бүрдээ Төрийн дуулалтайгаа хамт зэрэгцүүлэн залж хүндэтгэсэн Манай сургуулийн сүлд дуу “Бидний нутгийн сургууль” дууны шүлгийн зохиолч яруу найрагч, Эрдэнэт хот дахь Чандмань-Өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга, “Суу Ариг” ХХК-ийн захирал Хишигбаярын Оюун-Эрдэнэ, уг дууны хөгжмийн зохиолч “Морин хуур” улсын уралдааны хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, Москва хотноо зохиогдсон Олон улсын хөгжмийн фестивалийн шагналт байрын эзэн Цэндээхүүгийн Эрдэнэбат зэрэг сум сургуулийн бахархал болсон олон алдартны үргэлжлэл, тэндий суу залийг ирээдүйд өртөөлөн тээгчид нь суралцагсад та бүхэн билээ. /Хүндэтгэлийн хөгжим/

Ирэх жилээс эхлэн “Тангарагийн баяр”-ын өдөрт зориулсан “Монголын нууц товчоо” зохиолын агуулгаар олимпиад зохион байгуулж байхаар уламжлал тогтоохыг зарлан тунхаглалъя. Чандмань-Өндөр хэмээх өнө мөнхийн гурван цагийн турш хүмүүний хүслийг биелүүлэгч эрдэнээр нэрийдсэн авьяас онгодын арвин баялаг ундаргатай аглаг хангай нутгийн уул усны үр сад, өнөөгийн суралцагсад та бүхний дотор дэлхий түвшний олон арван эрдэм ухаан, авьяас билиг төгөлдөр охид хөвгүүд байгаа гэдгээр би бахархаж байна. /Хүндэтгэлийн хөгжим/

Өнөөдрийн тангарагаа үргэлжид биелүүлж, дэлхийд алдраа дуурсгасан олон олон алдартнууд Чандмань-Өндөрийн сургууль хэмээх эрдмийн гэрэлт шилтгээнээс даль жигүүрээ ургуулан дүүлэх болтугай. /Хүндэтгэлийн хөгжим/ Эрдэм номын цагаан буян түгэн дэлгэрэг. Баярлалаа.

ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО 2016-03-04