Далай ээжийн домог-1
Хөвсгөлчүүд хүрхрэн давалгаалах хөх уст нуураа эрт дээр үеэс хайрлан хамгаалж, унаган төрхийг нь алдуулахгүй байх ардын авах гээхийн ухаанаараа хайрлан хамгаалж иржээ.
Байгаль дэлхийн ариун дагшин энэ сайхан нуураа Хөвсгөлчүүд Далай ээж хэмээн хүндэтгэн нэрлэсээр иржээ. Энэ тухай хүмүүсийн дунд ам дамжин яригддаг нэгэн домог буй. Энэ цагт нэгэн эмгэн хүүтэйгээ амьдран суудаг байжээ. Нутагт нь ган болж, ус эрж яваад хэсэгхэн газар ногоо ургасан байхыг үзэж, тэнд байгаа нэгэн чулууг ховхолтол ус оргилон гарч гэнэ. Эмгэн хүү хоёр чандмань болсон усаа хайрлан шүтсээр амьдарчээ. Хүү нь эрийн цээнд хүрч лусын дагинад сэтгэлтэй болж гэнэ. Нэг удаа залуу хос халуун яриа, хайр сэтгэлдээ умбаад нөгөө оргилдог булгийн усаа таглахаа мартсанд эргэн тойрон усанд автаж гэнэ.
Өглөө эмгэн гэрээсээ гарахад орчин тойронд нь ус цэлэлзэн байхыг хараад эмгэн хоёр хүүгээ үхлээ гэж эмгэнэн гашуудаж, сэлэн сэлсээр усны ундаргыг таглаад амь насаа алдсан гэдэг. Ингэж энэ газарт гүн цэнхэр нуур тогтжээ. Хүү охин хоёр эхийгээ эндсэнийг мэдээд ихэд харуусан эхийнхээ ачийг далайтай зүйрлэн нуураа Далай ээж хэмээн нэрлэжээ.
Далай ээжийн домог-2
Манжийн хаан Хөвсгөл нуураас татвар авах болж гэнэ. Гэтэл нутгийн хүмүүс манай энд нуур байдаггүй, далай байдаг гэжээ. Гэтэл хаан үнэхээр л далай юм бол нэг зуун гол цутгаж байх ёстой эс бөгөөс татвар авна хэмээн нуурын голыг тоолуулахаар элч илгээжээ. Нөгөө элч нуурын эргэн тойрон явж цутгаж байгаа голыг тоолоход 100-гаас хол давж гэдэг. Нөгөө элч үнэхээр далай юм байна хэмээн хаандаа айлтгаснаар татвараас чөлөөлөгдөж "Хөвсгөл далай" хэмээх нэр авчээ.
Үүлэн цэнхэр домог номын 80 дугаар хуудас