Швейцарын хөгжлийн агентлагийн орлогч дарга хатагтай Габриелла Спирли
Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга ноён Т.Болдбаатар болон та бүхэндээ
Энэ өглөөний мэндийг хүргэе.
Өнөөдөр бид бүхэн “ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага” ном болон бидний үйл ажиллагаатай холбогдох бусад 3 номыг гар дээрээ анхлан хүлээн авахаар хүрэлцэн ирээд байгаа билээ.
Шат шатны ИТХ-уудын үйл ажиллагааг дэмжих тэтгэлгийг хамтран хэрэгжүүлж буй УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.
Төсөл хөтөлбөр бүрээ үр дүнд хүргэж НӨУБ-ын ажилтан сонгуультан биднийг харилцан туршлага судлах, хамтран хөгжих боломжоор хангаж ажилласан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний захирал Б.Болдбаатар, төслийн менежер П.Лхам түүний багийн ажлын менежмент, оновчтой төлөвлөлт, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэн тэргүүний ИТХ-уудын идэвх чармайлт, сэтгэл зүтгэлтэй ажилтнуудын нөөц боломжийг “Сайн туршлага” бүтээгдэхүүн болгосныг тэмдэглэн хэлж, баяр хүргэе ээ.
“ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага” ном НӨУБ-ын ажилтан сонгуультан бидний хувьд бас л нэгэн баялаг нөөцтэй уурхай болон үүдээ нээж байна.
Гар бие оролцсон бидний хувьд бахархаж дурсах түүхэн амжилт юм.
Энэхүү номонд орсон туршлага эзэн ИТХ-ууд иргэдийнхээ өргөн оролцоотойгоор асуудлаа тодорхойлж, хамтран шийдвэрлэх арга замаар ажилласнаараа ач холбогдолтой. /Жишээлбэл манай сумын “Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотойгоор хяналт тавих нь” төслийн үйл ажиллагааны мэдээллийг хэрхэн иргэнээ оролцуулан зохион байгуулсан тухай мэдээллийг http://chandmani-undur.khovsgol.khural.mn/c/bjry линкээр ороод хэн ч хаанаас ч үзэх боломжтой юм./
Иргэдийн эрх ашигт нийцүүлэн тэднийхээ санал хүсэлтэд үндэслэн 26 асуудлыг шийдвэрлэх боломж гарцыг оновчтойгоор тодорхойлсон тухай баримт энд багтсан байгаа.
Иргэдийн оролцоо ардчиллын үнэт зүйлсийн тулгуур багана нь байдаг болохоор “ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага” ном илүү үнэ цэнэтэй, илүү олонхийн эрх ашгийг хамгаалах чадавхтай ч байх билээ.
Газар нутаг, ёс заншил, ахуй амьдралын өөр өөр хэвшилтэй олон ИТХ-уудын туршлагыг судлах, нягтлан боловсруулах, номын эх бэлтгэлд хамтран оролцсон бидний олж авсан чадвар чадамж бол бидэнд үлдэх хөрөнгө оруулалт, оюуны бүтээн байгуулалт болон үлдэнэ.
Иргэдтэйгээ хамтран бид бүхний бүтээсэн “ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага” ном маань НӨУБ-ын мянга мянган ажилтан, сонгуультны ширээний ном болох болтугай гэсэн сайхан ерөөлийг өөрийнхөө болон та бүхнийхээ нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.Хүндэтгэсэн Ц.Номин